Thursday, December 16, 2010

чойжин ламын музейн тухай

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ

2010-07-15 11:15

Төрийн Их Чойжин Г.Лувсанхайдүвт Богд хааны зарлигаар 1904-1908 онд Монголын уран дархан Омбын
удирдлага дор 300 гаруй шилдэг урчууд барьж, “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээн нэрлэсэн сүм бол одоогийн Чойжин ламын музей юм. Энэ сүмд Монгол Улсын төлөө сор залах, чойжин буух, хатуу гүрэм үйлдэх зэрэг дайсныхаа сүр хүчийг мөхөөж, дарах хатуу үйл бүхнийг үйлддэг байснаас гадна тэмцэлд оролцсон хүмүүст зүйл бүрээр тусалдаг байжээ. Жишээ нь Ардын хувьсгалын анхны долоо тангараг өргөж, улс гүрнийхээ төлөө амь хайргүй тэмцэхээ тангараглаж, тус хийдийн Жамсран бурхны өмнө аягатай сүүнд цусаа дусаан, ууж байсан түүхтэй.
“Өршөөлийг хөгжүүлэгч сүм” нь 1936 оныг хүртэл шашин номын үйл ажиллагаа явуулж байгаад 1938 оноос
Ардын Засгийн газраас шашны талаар явуулсан бодлогын дагуу үйл ажиллагааг нь хааж, түүх соёлын үнэт зүйлс хадгалагдаж байгаа гэдэг утгаараа 1941 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор улсын I зэргийн хамгаалалтад авсан байна.
Сүмийн дотор, гадна байдал, төрх нь урлагийн иж бүрэн үзмэр байдаг тул 1942 онд “Чойжин ламын сүм музей” хэмээн нэрлэжээ. Уран барилгын цогц болсон энэ музей таван сүм, хүндэтгэлийн хаалга, ямпай буюу халхавч хаалга зэргээс бүрддэг. Хурал хурж байсан гол сүмээр дамжин Чойжин буудаг Занхан сүмд ордог бөгөөд өдгөө тэдгээр сүмийг тухайн үеийнх нь байдлаар үзэгч олонд сонирхуулж байна. Шойв Аюуш хэмээх ламын удирдан бүтээсэн бурхан багш, Майдар, Одсүрэн, 16-н Найдан жүдэг хэмээх бурхныг залсан Зуу сүм баруун талд нь байрладаг. Ядам сүм гэдэг нь нууц шүтээн, нямба бясалгал хийдэг орон бөгөөд хүний хүссэн, залбирч гуйсан бүхнийг бүтээдэг хэмээн олны хөл тасардаггүй. Өндөр гэгээний өөрийн болон түүний шавь нарын бүтээлүүд дэлгээтэй байдаг Өндөр сүм буюу Хотол чуулган тус амгалан тив хэмээх сүм нь гол сүмийн зүүн талд байрлана.
Энэхүү музейд Монголын урлагийн шилдэг мастеруудын, уран зураач, барималч, цутгуурч, сийлбэрч, уран
хатгамалч, зээгт наамалчдын бүтээл хадгалаастай бий. Бүх сүмийн барилга нь асар маягийн эргэсэн дээвэртэй бөгөөд эдгээр нь шаталсан дөрвөн хэсгээс бүрддэг. Дээврийн хянган хамар дээгүүр араатан, жигүүртэн амьтны дүрсийг бүтээсэн нь хүчирхэг байхын бэлгэдлийг харуулжээ.

No comments:

Post a Comment